Х.Алтансайхан: Чихрийн шижингийн хүндрэл нь харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдалд оруулдаг

10 сарийн өмнө 152
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг чихрийн шижин өвчний талаар Анагаах ухааны Доктор, Профессор Х.Алтансайхантай ярилцлаа.

-Чимээгүй тахал гэгдээд байгаа чихрийн шижин өвчний тархалт манай улсад хэр их байна вэ?

-Чихрийн шижин өвчнийг XXI зууны чимээгүй тахал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Олон улсын чихрийн шижин өвчний холбооноос хоёр жил тутамд тайлан мэдээ гаргадаг. Хамгийн сүүлийн аравдугаар хэвлэл нь 2021 онд гарсан. Энэ мэдээнд тусгаснаар 2021 онд дэлхийн хэмжээнд 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байна. Монгол Улсын тухайд 20-79 насны мянган хүн тутмын 150 нь энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай гэх тооцоолол гарсан. Нийт хүн амын 1.5 сая нь хүүхэд гэж үзвэл 20-79 насны хоёр сая иргэн бий. Үүнээс 300 мянган хүн чихрийн шижингээр өвдсөн байх магадлалтай. 21 аймаг, Улаанбаатарын дотоод шүүрлийн эмч нар оношилж бүртгэж авч байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн бүртгэлийг харахад 30 мянга хүрэхгүй хүн оношлогдож, бүртгүүлж байгаа нь манай улсын оношилгоо 10 хувьтай байна гэсэн үг. Дэлхийн хэмжээнд нэг оношлогдсон хүний цаана нэг оношлогдоогүй хүн байгаа. 50 хувь буюу хоёр хүний нэг нь оношлогддог. Харин манай улсын оношилгоо 10 хувьтай байна. 90 хувийг нь хожуу үед нь оношилж байна гэсэн үг.

Уг нь, жилд 2-3 мянган хүн оношлогддог байсан. Харин эрт илрүүлэг эхэлснээр 20-30 мянгаараа эрт оношлогдож байгаа. Хэрэв зөв зохион байгуулж чадвал эрт оношилж болно. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чадавх байгаа гэж бодож байна.

-Статистикийн харвал тархалт нэлээд өндөр байна. Тэгэхээр чихрийн шижингийн өвчлөл их байх үндэс нь юу юм бэ?

-Чихрийн шижин өвчин шинж тэмдэггүй удаан явдаг. Тиймээс хожуу буюу хүндэрсэн үедээ оношлогдох тохиолдол их байдаг. Чихрийн шижин дотроо хэв шинж нэг, хэв шинж хоёр зэргээр өөр хэлбэртэй байдаг. Бид чихрийн шижингийн хэв шинж хоёрын талаар түлхүү ярина. Энэ нь насанд хүрсэн хүнд түлхүү тохиолддог. Гол шалтгаан нь ард иргэдийн дунд тархсан биеийн жингийн илүүдэл, архи тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг эрсдэлт хүчин зүйлээс хамаарч байгаа. Мөн удамзүйн нөлөө бий. Эцэг эх нь чихрийн шижинтэй бол хүүхдүүд нь энэ өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг.

-Таргалалттай хүн бүрийг чихрийн шижинтэй гэж үзэх нь зөв үү, буруу юу. Тэр дундаа манай улсад бага насны хүүхдийн жингийн илүүдэл их байгаад байгаа шүү дээ. Тэд ч бас чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр үү?

-Дээр дурдсан эрсдэлт хүчин зүйл бүгд нийлж байж л тэгж ойлгож болно. Нэг эрсдэлт хүчин зүйлтэй байвал өвдөх магадлал бага байна. Таван эрсдэлт зүйл нь байвал өвдөх магадлал тав дахин өндөр байна гэсэн үг. Буруу хооллодог, илүүдэл жинтэй, тамхи татдаг, хөдөлгөөн хийдэггүй, эцэг эх нь чихрийн шижинтэй бол өвдөх магадлал нь 90 хувь байна. Тав, арван жилийн дараа өвдөх магадлалтай. Тиймээс эрсдэлийн үнэлгээ гэдэг зүйлийг хийдэг. Таны нас, хүйс, биеийн жин, амьдралын хэв маяг, хоолны дэглэм зэрэг амархан зүйлийг асууж чихрийн шижингээр өвдөх магадлал хэр байгааг гаргадаг зүйл л дээ.

-Дийлэнх тохиолдолд эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг гэсэн шүү дээ. Тэгвэл яаж эхэн үедээ өвдсөн эсэхээ мэдэх юм бэ?

-Эхний ээлжид эрсдэлийн үнэлгээг өвдөөгүй байсан ч хийлгэнэ. Хэрэв өндөр эрсдэлтэй байвал шинжилгээ хийнэ. Харин нэгэнт хүндэрсэн бол шинж тэмдэг тод илэрдэг. Тухайлбал, богино хугацаанд турах, ам их цангах, шээх зэрэг. Эсхүл хөл гар бадайрах, хараа муудах,  нүд бүрэлзэх хүндрэлийн шинж гарч болно. Ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй.

-Чихрийн шижин хүндрэхээрээ хавдар үүсгэдэг гэж ярьдаг. Энэ нь үнэн үү?                 

-Артерын даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин, хорт хавдрууд нийтлэг эрсдэлт хүчин зүйлтэй байдаг. Чихрийн шижин хавдар үүсгээд байгаа юм биш. Чихрийн шижингийн эрсдэл тамхи, уушгины хавдрын эрсдэл мөн тамхи, чихрийн шижингийн эрсдэл ч таргалалт, хавдрын эрсдэл ч таргалалт. Тиймээс үүнийг халдварт бус өвчин гэдэг. Халдахгүйгээр амьдралын хэв маягаас хамаардаг бүлэг өвчнийг халдварт бус өвчин гэдэг. Үүнд артерын даралт ихсэлт, чихрийн шижин, уушгины архаг өвчин, умайн хүзүү, хөхний зэрэг зарим хавдар халдварт бус өвчинд ордог. Тиймээс эрсдэлт хүчин зүйлээрээ нийтлэг байдаг.

-Эдгээр ярьж байгаа зүйл чихрийн шижин өвчний хоёр дахь хэв шинжийн хүрээнд байгаа шүү дээ. Тэгвэл бусад хэв шинжийн тархалт, шинж тэмдгийн талаар яривал?

-Чихрийн шижин хоёр гэдэг хэв шинж нь нийт чихрийн шижин өвчний 80-90 хувийг эзэлдэг. Харин бусад нь цөөн хувийг эзэлдэг гэсэн үг. Гэхдээ чихрийн шижингийн хэв шинж нэг нь хүүхэд залуучуудад түлхүү тохиолддог. Хүний нойр булчирхайнаас инсулин гэдэг даавар ялгарч байх ёстой. Тэр нь сахрын хэмжээг барьж, тогтоож байдаг юм. Инсулин нь ялгарахаа больчихвол инсулиныг өөртөө тарьж байх ёстой хүнд хэлбэрийг нэгдүгээр хэлбэр гэдэг. Нөгөө хэсэг нь жирэмсний чихрийн шижин. Жирэмсний үед бодисын солилцооны өөрчлөлтөөс болж цусны сахар ихсэж чихрийн шижин болдог. Тухайлбал, зургаан жирэмсэн эхийн нэг нь жирэмсний чихрийн шижинд өртөх магадлалтай. Тэгэхээр жирэмсэлбэл чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, цусны сахрыг үзүүлж байх ёстой.

-Удамшлын хувьд хэр байх уу?

-Энэ өвчний удамшлын хэлбэр маш өндөр эрсдэлтэй. Эцэг эх нь чихрийн шижинтэй байвал хүүхдүүд нь 50-60 хувийн өвчлөх магадлалтай. Жирэмсэн үед цусанд нь сахар ихэсэж байгаа, жирэмсний хожуу үеийн хордлого өгч байгаа, хүүхэд нь дөрвөн кг-аас хүнд жинтэй төрж байгаа нь чихрийн шижинтэй байх магадлал маш өндөр байгаагийн илрэл.

-Чихрийн шижин эмчилгээг хэр авдаг юм, эмчлэгдэх боломж бий юу?

-Эмчилгээний хувьд тухайн хүнээсээ хамаарна. Тухайн өвчтөн эрсдэлийг бууруулах хүсэлтэйгээр тамхи татдаг бол тамхиа багасгах, илүүдэл жинтэй бол жингээ бууруулах чин эрмэлзэлтэй байх ёстой. Монголчуудын дийлэнх нь хүний өмнөөс өвдчихсөн юм шиг эрүүл мэндээ хүнд даатгачхаад байна шүү дээ. Өөрөө юу ч хийхгүй тамхиа татаад л байдаг. Буруу хооллолттой учраас чихрийн шижинтэй болчхоод байна гэж хэлээд байхад зан үйлээ өөрчилж, өөрөөсөө хамаарах зүйлээ хийе гэж хичээдэггүй. Бүх юмаа хүнд даатгаж орхиод эм, эмч хайгаад яваад байдаг. Бас дуудахаар ирэхгүй. Уг нь, архаг өвчин учраас байнгын хяналтад байх ёстой. Ер нь өөрөө эмчилж, өвчнөө хянах чин эрмэлзэл хэрэгтэй. Эмчээс 20, 30 хувь нь л хамаарна. Эмчийн өгсөн эмийг байнга уухгүй, зөвлөгөөг нь дагахгүй бол тун хэцүү. Харин яс дагаж мөрдөж явах юм бол маш сайн өвчнийг хянаж болно. Чихрийн шижингээр өвдөж олон жил хянасан, хүндрэл гараагүй сайн жишээ олон бий. Тухайн хүний боловсролын түвшин, хандлагаас хамаардаг.

-Ер нь амьдралын хэв маягаас гадна хооллолттой шууд холбоотой байгаа шүү дээ. Иргэдийн тухайд зөв хооллолт, дэглэм гэхээр ямар нэг төрлийн бүтээгдэхүүнийг шууд хориглочихдог. Тэгэхээр хоол хүнсний тухайд яах юм бол зүйтэй вэ?

-Гучин жилийн өмнө тэрийг идэж болно, болохгүй гэдэг онол байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Аль болох олон төрлийн зүйлийг идэх ёстой. Учир нь таны биед хэрэгтэй амин дэм, эрдсийг олон төрлийн бүтээгдэхүүнээс авдаг гэж ойлгож болно.

-Нэгд, витамин Е

-Хоёрт, витамин А

-Гуравт, витамин С

-Дөрөвт, омега гурав

-Тавд, витамин Д-г өдөр бүрийн идэж байгаа хоол хүнсэнд зохих хэмжээгээр байх ёстой. Үүнийг л зохистой харьцаа гэж байгаа юм. Хүнсний ногоонд дийлэнх витамин бий. Үр тариа, бүхэл үрийн гурил, жимс жимсгэнэд витамин ихээр агуулагддаг. Гэтэл бид өдөр тутамдаа жимс, бүхэл үрийн гурил иддэг билүү. Мөн идэхдээ зохистой харьцаатай байх ёстой. Тухайлбал, тавагтай хоолны тал нь жимс, хүнсний ногоо байх хэрэгтэй. Монгол хүний витаминаа авдаг зүйл нь цагаан идээ байсан ч иргэд одоо огт идэхгүй, өдөр шөнөгүй махтай нөхөрлөж байна. Ийм л буруу хооллолттой болчихоод байна. Дээрээс нь өглөөний цай уухгүй, орой их идээд байгаа. Идэхдээ бургер, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, шарсан зүйлсийг хэрэглээд байгаагаа болих шаардлагатай. Идэж болно. Гэхдээ сард нэг удаа идэх нь зохимжтой.

Түүнчлэн, жимс дундаа ойн жимсэнд витаминууд их бий. Өдөр бүр нэг алганы хонхроор нэрс, үхрийн нүд, долоогоно, чацаргана, улаалзгана, нохой хошуу зэрэг ойн жимс ид. Бид жимс иднэ гэхээр жилд нэг хоёр удаа баяраар шилээр нь юм уу, саваар нь нэг дор идчихдэг. Өдөр бүр идэх, нэг дор ихээр идэх асар том ялгаатай.

-Анх оношлогдсон цагаас хойш эмчийн заавраар зөв хооллохгүйгээр сахилга бат муутай, хяналтад бүрэн авч чадахгүй, хүсэл эрмэлзэлгүй байгаа өвчтөний хувьд хэр хугацааны дараа хүндэрч, аюултай түвшинд хүрэх вэ?  

-Нэгд, хожуу оношлогдож, эмчийн зааврыг дагаагүй тохиолдолд тухайн өвчтөнд маш бага нас байгаа. Эмээ уухгүй, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол хоёр, гурван жилийн дотор л нас барна. Харин үүнийгээ өөрчилж, эмчийн хяналтад явах юм бол 20, 30 жил амьдрах боломжтой. Тухайн хүнээс л хамгийн их шалтгаална. Учир нь, тархинд нь цус харвасан хүний 70, 80 хувь нь чихрийн шижинтэй, бөөрний дутагдалд орсон хүний 70, 80 хувь нь чихрийн шижинтэй, зүрхний шигдээс болж нас барж байгаа хүний ихэнх нь буюу хоёр хүний нэг нь чихрийн шижинтэй байдаг. Тиймээс ч энэ өвчинтэй хүн хүндрэхдээ ихэвчлэн зүрх судасны өвчнөөр нас бардаг.

Дэлхий дахинаа чихрийн шижин өвчнөөс болж зургаан секунд тутамд нэг хүн нас барж, 20 секунд тутамд нэг хүн хөлөө тайруулж, зургаан жирэмсэн эмэгтэйн нэг нь жирэмсний чихрийн шижинд өртөж, сахартай хүнийг сахаргүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс, харвалт болох магадлал гурав дахин их байна. Тиймээс л чихрийн шижинг эрт үед нь хянах хэрэгтэй.

-Улс даяар хийж байгаа эрт илрүүлгээр их илэрч байгаа. Тэгвэл "Элэг бүтэн Монгол" гэдэг шиг чихрийн шижин дээр зорилтот төсөл хөтөлбөр байдаг уу. Тийм хөтөлбөр, хөдөлгөөн өрнүүлэх боломж бололцоо хүний нөөц, хөрөнгө санхүү хэр байдаг вэ?

-Чихрийн шижин өвчнийг эмчлэх бүхий л эм тариа Монгол Улсад бий. Иргэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах ч боломжтой. Гэхдээ хангалттай хүрэлцээнтэй хэмжээнд  эм тариа байхгүй. Учир нь, оношилгоо 10 хувь байгаа тул төлөвлөж чадахгүй байна. Оношлогдож байгаа хүний тоо ихсэхээр эм тарианд төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь байнга дутагдадаг. Хүний нөөц технологийн хувьд гайгүй сайжирсан.

Хөтөлбөрийн тухайд Монгол Улсын Засгийн газар 2005 оноос халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрөөр чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдартай тэмцдэг болсон. Мөн тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан байгаа. Ингэснээр нас баралт, хүндрэлээс сэргийлэх бодлого хэрэгжиж байгаа.

 -Ярилцсанд баярлалаа