Өмгөөллийн Тэригүн Адвокатс ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч М.Цэдэнпунцаг Гэр бүл салалт тухай

7 сарийн өмнө 320
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Сүүлийн үед манай улсад гэр бүл салалт их болсон байна. Тиймээс иргэдийн дунд гэрлэлт цуцлах асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?

 

Хариулт – За гэрлэлт цуцлах асуудлыг Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн дагуу цуцалж, талуудын хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэдэг, Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн гэсэн 2 журмаар цуцалдаг.

Захиргааны журмаар гэрлэлт цуцлахад гэрлэгчид буюу эхнэр нөхөр дундаасаа 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй байх бөгөөд энэ талаараа тус тусдаа өргөдөл дээрээ тодорхой тусгаад Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргадаг зохицуулалттай байдаг.

Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь дээрх өргөдлийг хянан үзсэний үндсэн дээр гэрлэлтийг 30 хоногийн дотор цуцалж болдог .

Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэж юуг хэлээд байна вэ гэвэл тухайн иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь орж байгаа болно.

Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухайгаа дурдсан байна.

Захиргааны журмаар гэрлэлтийг цуцлахад гэрлэгчдийг биечлэн байлцуулна. Хэрэв гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг ажиллагаанд оролцох боломжгүй бол өөрийнхөө байхгүйд гэрлэлт цуцлахыг зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг нь үндэслэн гэрлэлтийг цуцалж иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж болно.

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлана гэдэг нь

Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Хэрэв гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцалдаг. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалдаг байна.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно. Харин гэрлэгчид энэ талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Мөн хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.

Гэрлэлт цуцлуулахгүй байх талаар хуульд зохицуулсан зохицуулалт байдаг уу?

Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хуулиар хориглоно.

Иргэдийн дунд гэрлэлт цуцлуулахад хүүхэд эхийн асрамжид тогтоогддог гэж нийтлэгээрээ ойлгодог. Энэ хуульд яаж зохицуулсан байдаг вэ?

За зөвлөгөө авч байгаа иргэдийн дийлэнх хэсэг нь бага насны хүүхэдтэй учир ээжийнх талд шүүх шийдэх байх,  ер нь л ашиглаад байхад ээжийн талд шийддэг юм билээ гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тэр нь яг таг зохицуулсан зүйл байхгүй. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн асрамжийн асуудлыг талууд буюу гэрлэгчид харилцан тохиролцоогүй бол  хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх вэ гэдгийг шүүх шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүүхдэд хэн нь илүү халамж тавьж байна, ахуйн нөхцөл, бололцоо нь хэн нь илүү байна, цаашид хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд ёс суртахууны хувьд хэн илүү байгаа гэх мэтээр шүүх үнэлэлт дүгнэлт өгч хүүхдийг эцэгийнх нь эсхүл эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэр гаргадаг.

            Та гэр бүл салалтын шалтгаан нөхцлийг юунаас болж байна гэж үзэж байна вэ?

            Хүний амьдрал баялаг шүү дээ тэгэхээр хамгийн нийтлэг зүйл бол 1-т гэр бүлийн үнэнч байдал байхгүй, нэг нэгийгээ хуурдаг тэр нь цаашлаад бие биедээ итгэх итгэлгүй болсон байнгын хардалт хэрүүлтэй байдгаас цаашид хамтран амьдрах бодит боломжгүй болдог. 2-т Нийгмээс үүдэлтэй ажилгүйдэл, сэтгэл гутрал түүнээс болж архинд орох, мөрийтэй тоглох хамаг эд хөрөнгөө алдах зэргээс болж талууд салах шийдвэрт хүрч байгаа зэрэг олон зүйлээс шалтгаалдаг байгаа.