Э.Бат-Амгалан:Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын намар, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна

1 жилийн өмнө 122
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна.  Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна. Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг  эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.

 

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны Э.Бат-Амгалан:Хотын дарга Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Судалгаануудыг маш сайн хийсэн байна. Цаашид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотын багц хууль болгох шаардлага үүссэн.

Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж байгаа. Бид 1.6 сая иргэнийхээ төлөө нэг зүгт харж, хамтарч ажиллах ёстой. Тиймээс 10 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын ирэх намар, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.